Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 20 дахь жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулсан байна.
Үүнд ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг байна.
ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ САЛБАРААР:
Худалдаа үйлчилгээ 28 Уул уурхай, олборлох үйлдвэр 24, Газрын тосны хангамж 10,
Барилга, зам 9, Хүнсний үйлдвэрлэл 7, Банк санхүү 6, Харилцаа холбоо 6,
Хүнд үйлдвэр 5, Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж 2, Тээвэр ложистик 1,
Хөнгөн үйлдвэр 1
2020 ОНЫ ТОП 100 ААН-ИЙН ЭХНИЙ 10 БАЙРТ:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк
Энержи Ресурс ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Худалдаа хөгжлийн банк
Ти Ти Жи Ви Си Өү ХХК, Голомт банк, АПУ компани тус тус оржээ.
ТОП 100 ААН-ийг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ сүүлийн 20 жилийн 19-т нь уг жагсаалтад багтаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 743.9 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. 2020 онд тус үйлдвэр 11,700,00 тн зэсийн баяжмал олборложээ.
ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ ХЭЛБЭРЭЭР
87 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 9 хувьцаат компани, 2 төрийн өмчит хувьцаат компани, 2 төрийн өмчит компани байна.
Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлсэн. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгааг МҮХАҮТ-аас мэдээллээ.