Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4,000 орчим чингэлэг бөөгнөрчээ.
Хятад улсын экспортын бараа бүтээгдэхүүн болон гуравдагч улсаас ирж буй бараа бүтээгдэхүүний ихэнх нь Тяньжин боомтоор дамждаг. Энэ боомт дээр ирээд гаалийн бүрдүүлэлт, бусад бичиг баримтын зөрчилгүй бол бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө долоо хоноод, Монгол руу ачигддаг байсан бол 03 сарын 29-нөөс хойших чингэлгүүд хөдөлгөөнгүй байгаа юм. Өдөртөө нэг чингэлгийн галт тэрэг хөдөлдөг. Том талбайгаас өдөртөө нэг чингэлгийн галт тэрэг, жижиг талбайгаас ачааллаас хамаарч заримдаа ачигдахгүй, заримдаа 1-2 чингэлгийн галт тэрэг хөдөлдөг. Тэгэхээр долоо хоногтоо 7-10 чингэлгийн галт тэргийг Тяньжин боомтоос Монгол руу хаяглан ирүүлж байна. Нэг чингэлгийн галт тэрэг гэдэг нь ойролцоогоор 55-60 орчим чингэлэг ачих боломжтой ажээ. Түүнчлэн чингэлгийн хомсдол ихээхэн үүсээд байгаа бөгөөд эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан тээврийн үнэ өмнөх жилүүдээс даруй 20%-аар өссөн, тээвэрлэлтийн хугацаа мөн 2-3 сараар хойшлоод байна.